АХБ Монголын эдийн засгийн өсөлтийг НЭМЭГДҮҮЛЖ, инфляцийг БУУРУУЛЖ таамаглажээ

2017-09-28 11:08:46

Азийн Хөгжлийн Банкнаас өнөөдөр Монголын эдийн засгийн талаарх тайлан мэдээгээ танилцууллаа.

 

 

Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Люммен Азийн эдийн засгийн талаар "Дэлхийн худалдаа эрчимжсэний зэрэгцээ голлох үйлдвэрлэгч орнуудын эдийн засаг сэргэсэн, бүс нутагт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ өссөн, мөн БНХАУ-ын өсөлт хүлээлтээс давсан зэрэг нь бүс нутгийн эдийн засгийн байдалд эерэг нөлөө үзүүллээ” гэдгийг онцолсон юм.

Монголын эдийн засгийн талаар Азийн Хөгжлийн Банкны эдийн засагч Деклан Магий “Оны эхний хагасаар авч үзэхэд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрсэн нь ноднин жилийн 1.2 хувьтай харьцуулахад үлэмж өсөлт юм.

Энэхүү өсөлтийг нүүрсний олборлолт сэргэсэн, экспортын гүйцэтгэл сайн байсантай холбож үзэж байгаа. Эрэлт талдаа авч үзвэл нийт өсөлтөд 13 хувийн нөлөөллийг үйлдвэрлэлийн салбар үзүүлсэн бол хэрэглээний салбар 1.6 хувь, экспорт 9.6 хувий нөлөө үзүүлсэн гэсэн тооцоо гарлаа.

Импорт 37 хувиар өссөн дүнтэй байгаа. Энэ нь уул уурхайн салбарын зориулалттай импорт өссөнтэй холбоотой. Оны эхний хагас жилээр авч үзвэл төсвийн алдагдал 34 хувиар буурсан нь ДНБ-ий 5.8 хувьтай дүйцэхүйц үзүүлэлт юм. Мөн төсвийн орлого 41.1 хувиар өссөн бол төсвийн зарлага 9.1 хувиар өссөн дүнтэй гарлаа.

Оны эхний хагаст нүүрсний экспорт огцом нэмэгдэж гадаад худалдааны ашиг өнгөрсөн оны түвшинтэй харьцуулахад 69.5 хувиар сайжирсан. Мөн урсгал дансны алдагдал 42.8 хувиар буурсан нь ДНБ-ий 5.6 хувьтай тэнцэж байна.

 

Гадаад валютын албан нөөц нийт дүнгээрээ 1.3 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа нь 2.6 сарын импортыг хангана. Нүүрсний олборлолт огцом өссөн, БНХАУ-ын нүүрсний эрэлт өндөр хэвээр байна гэж үзсэний үндсэн дээр эдийн засгийн өсөлтийн таамгийг бид нэмэгдүүлж тогтоолоо. Тавдугаар сард батлагдсан ОУВС-гийн хөтөлбөр бизнесийн итгэл сэргээхэд нөлөөлж байгаа нь бидний тооцоололд эерэг нөлөө үзүүллээ.

Мөн онцгой татвар түлшний үнийн өсөлтөд төдийлөн нөлөөлөөгүй учраас инфляцийн таамгийн бууруулан тогтоолоо. Бодит гүйцэтгэл бидний дэвшүүлж буй таамагаас доогуур гарах эрсдэл нь түүхий эдийн үнийн уналт, газар тариалан, мал аж ахуйн салбарын уналт зэрэг юм.Харин БНХАУ-ын өсөлт сайн байх, нүүрсний дотоодын нийлүүлэлтэд шок үүсэх, зэсийн үнэ өсөх нь бодит гүйцэтгэл сайн байх нөхцлийг бүрдүүлнэ.

Азийн Хөгжлийн Банкны зүгээс 2017, 2018 оны хувьд энэ оны эхний хагаст үзүүлсэн сайн гүйцэтгэл цаашид үргэлжилнэ. Эдийн засгийн өсөлт 2017 онд 4 хувь, 2018 онд 3 хувьтай байх таамгийг дэвшүүлж байгаа бол инфляци 2017 онд 3 хувь, 2018 онд 3.4 хувь байна гэсэн таамгийг дэвшүүлж байна. Урсгал тэнцлийн алдагдал 2017 оны хувьд -6.4 хувьтай гарах бол дараа жил -8.5 хувьтай гарна гэж таамагласан” гэв.
"өндөр хүүтэй бондоо бага хүүтэй эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх боломжийг бий болгох нь одоогоор чухал" 

 

Эдийн засагч Л.Амар “Барилга, уул уурхайн салбар уналттай байгаа. Үүнээс бусад салбарууд өсөлттэй байна. Тиймээс нүүрсний салбарын өсөлттэй холбоотойгоор эдийн засгийн өсөлт өндөр хувьтай байна гэж таамаглаж байгаа. Эхний хагаст 5.3 хувьтай байсан ч дараагийн хагаст өмнөх улирлын өсөлтийн суурь нөлөөнөөс шалтгаалж жилийн эцэст 4 хувийн өсөлттэй байна гэсэн төсөөлөлтэй байна.

Ирэх жилд төлөх бондуудын тухайд өөрийн нөөц бололцоогоор зээлийн төлбөрөө төлж барагдуулах нь хамгийн ухаалаг алхам байх болно. Тухайлбал төсвийн зардлыг бууруулах, төсвөө ашигтай баталж нөөцөө бүрдүүлэх зэрэг аргаар. 

Гэвч одоогоор дотоод нөөц бололцоогоороо төлөхөд хүндрэлтэй байгаа учраас өндөр хүүтэй бондоо бага хүүтэй зээлээр дахин санхүүжүүлэх боломжийг бий болгох нь одоогоор чухал юм.

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй санхүүжилтүүд орж ирж байна. Дахин санхүүжих боломжийг энэ хөтөлбөр орж ирснээр бий болгож байгаа. Ойрын хугацаанд нөөцөө бүрдүүлж чадаагүй учраас дахин санхүүжилт явагдах байх. Гэхдээ урт хугацаандаа өрийн хямрал үүсчихээд байгаа учраас өөрийнхөө эх үүсвэрээр эргэн төлөх бололцоог бүрдүүлэх нь чухал” хэмээн тодотгов.